Б.Балжинням, 28 настай. Шүдний эмч.

Intro: Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан-Уул аймагт ажиллаж хөдөлмөрлөж буй олон залуус бий. Бид энэ удаа “Zolo Dent” эмнэлгийн Б.Балжинням эмчийг урьж ярилцлаа. Тэрээр эрүүл мэндийн салбараас гадна Дархан хотод залуу гэр бүл ажиллаж амьдрахад хэр таатай байдаг тухай өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Өөрийгөө танилцуулна уу. (байгууллага, албан тушаал)

Намайг Балжинням гэдэг, 28 настай. Дархан ирж ажиллаад 4 жил болж байна. Би шүдний эмч мэргэжилтэй. Сургуулиа төгссөнөөс хойш Улаанбаатар хотод “ZOLO DENT” эмнэлэгт ажлын гараагаа эхлүүлсэн.

Дархан хотод бизнес эрхлэхэд хэр таатай байна вэ? 

Улаанбаатар хоттой харьцуулахад харьцангуй цөөн хүн амтай. Гэхдээ энэ нь ихэвчлэн давуу тал болдог. Учир нь хүмүүст мэдээллээ хүргэх, бизнесээ таниулахад хялбар учраас маркетингийн зардал бага гардаг. Чанартай үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг олж, чин сэтгэлээсээ ажиллаж чадвал байнгын үйлчлүүлэгчийг бүрдүүлж болдог. Мэдээж автозамын түгжрэлгүй учраас өдөр тутмын ажлуудаа амжуулахад мөн амар байдаг шүү.

Эсрэгээрээ хүндрэлтэй байсан зүйлс юу вэ? Газрын зөвшөөрөл, Бичиг баримт бүрдүүлэлт, Зөвшөөрөл гэх мэт. Түүнийг мөн хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хуваалцана уу.

Анх Дархан хотод ирэхэд надад таньдаг нэг ч хүн байгаагүй юм. Тэгсэн ч гэсэн эмнэлгийн салбараа нээхэд шаардлагатай бүх бичиг баримтаа эхнээс нь бүрдүүлээд явж байхад огт хүндрэл гараагүй. Захиргааны ажилтнууд, Нийгмийн бодлогын хэлтэс, Нийгмийн даатгалын газар гээд бүхий л мэргэжилтнүүдтэй уулзаж, зөвлөгөө авсан. Тэгэхэд “залуу хүн ажил хөдөлмөр эрхлэх гээд ирсэн байхад бид туслалгүй яах вэ” гээд мэдэхгүй чадахгүй зүйлсийг зааж зөвлөж байсанд үнэхээр талархдаг. Харин ч би тэдгээр ажлаа сэтгэлээсээ хийж байгаа хүмүүст төвөг учруулсан болов уу гэж бодож байна (инээв). Бичиг баримтаа дутуу авч ирэх, албан бичиг баримтаа буруу ашиглах гээд засаж залруулах зүйлсэд нээлттэй хандаж, тусласан шүү. Ерөнхийдөө Дархан хотод ажиллаж хөдөлмөрлөхөд, амьдрахад хүнд хэцүү зүйл тохиолдоогүй.

Инфляци үнийн өсөлт хэр санагддаг вэ? 

Өргөн хэрэглээ, бараа бүтээгдэхүүний үнэ бол ковидын дараачаас бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ Дархан хот гэлтгүй бүхий л газарт инфляци ажиглагдсан байх. Онцгойлон энд үнэ хэт нэмэгдсэн зүйл гараагүй.

Дархан хотод ирснээс хойш таныг гайхшруулсан зүйл юу байсан бэ?

Миний хувьд Дархан хотын хүмүүс нийтээрээ их хөдөлмөрч санагддаг. Гайхшруулдаг зүйл гэвэл хүнсний ногоо, жимс үргэлж шинээрээ бөгөөд хямд байдаг. Шүдний эмч гэдгээс гадна би гэрийн эзэгтэй, ээж хүн учраас шинэ бөгөөд чанартай хүнсийг өдөр тутам боломжийн үнээр авч хэрэглэж байгаадаа баяртай байдаг.

Түүнчлэн нэг нэгэндээ туслах чин хүсэлтэй хүмүүс олон. Жишээ нь, ямар нэгэн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд “жаахан боломжгүй хүүхдүүдэд шүдний эмчилгээ, тусламж үзүүлэх гэсэн юм. Яаж холбогдох вэ?” гээд хүмүүс их ханддаг. Зөвхөн эмнэлгийн тусламж гэлгүй бүх талаар нэгэндээ туслах сэтгэлтэй хүмүүс байдаг нь сайхан. Тиймээс манай эмнэлгийн хамт олон ч гэсэн тодорхой баяруудад үнэ төлбөргүй шүдний үзлэг хийж, шаардлагатай эмчилгээг хөнгөлөлттэй үнээр хийж өгөхийг эрмэлздэг.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ Дархан хотод хэр санагддаг вэ?

Дархан хотод ирээд удаагүй байхдаа би анхны хүүхдээ төрүүлсэн юм. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний салбараас нэг онцлох зүйл гэвэл цаг авах, бүртгүүлэх зэрэг нь энд маш хялбар, ойлгомжтой байдаг. Жирэмсэн үеийн тогтмол үзлэг хяналтад хамрагдахаас эхлээд төрөх үйл явц хүртэл маш амар байсан. Эмнэлэгт үзүүлж, зөвлөгөө авахад огт төвөгтэй байгаагүй. Саяхан гэхэд манай эмнэлгийн хамт олон урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан юм. Тэгэхэд бүртгүүлсэн цагтаа очоод л нэг дор бүх үзлэгээ хийлгээд, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээгээ бүрэн авч чадсан. Тийм болохоор аль болох улсын эмнэлэгтээ үзүүлэхийг хичээдэг.

Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, ложистикийн шийдлээ танилцуулна уу. 

Дархан хотод олон улсын автозам болоод төмөр замын зангилааны төв байдаг учраас тээвэр ложистикийн асуудал харьцангуй хялбар. Эмнэлгийн том тоног төхөөрөмж, овор хэмжээ ихтэй буйдан зэргийг вагоны тээшээр зөөвөрлөсөн. Ер нь том, жижиг гэхгүй бүхий л ачаа тээшээ вагоноор авчихдаг. Хямд, бас шуурхай шүү.

Дархан хотод ирж суурьших тухай залуучуудад хандан юу гэж зөвлөх вэ?

Анх нөхөр бид хоёрыг орон нутаг руу шилжлээ гэхэд залуу хүмүүс яагаад хөдөө очих гээд байгаа юм бэ гээд эргэн тойрны хүмүүс гайхаж байсан. Харин манай гэр бүлийн хувьд Дархан хотод ирснээс хойш хамгийн их таалагдаж байгаа зүйл бол гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг их болсон явдал юм. Өмнө нь Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд өглөө эрт ажилдаа уралдаж гараад л, орой нь цуглаад л өнждөг байсан. Тэр үед стресст өртөхийн зэрэгцээ гэр бүлдээ зарцуулах цаггүй байгаагаа анзаарддаггүй байж. Одоо бол гэр бүлдээ мөн өөртөө зарцуулах цаг зав их гарч байгаа нь амьдралын чанарт нөлөөлж байгаа. Жижигхэн хүчин зүйл юм шиг сонсогдож байгаа ч амьдралд олон эерэг өөрчлөлтийг авч ирдэг юм билээ. Мөн гэр бүлээрээ цагийг өнгөрүүлэх соёлын болон амралтын төвүүд ихтэй. Мэдээж Дархан хот бол залуу хүмүүсийн сурч хөгжихөд ээлтэй газар гэдгийг хэлмээр байна.