И.Баярсайхан, Доктор авто сүлжээ ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал

Монгол орны өргөн уудам нутагт өдгөө 13 салбар бүхий автомашины засвар үйлчилгээ, сэлбэг, эд ангийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Доктор Авто Сүлжээ ХХК-ийн Үйл ажиллагааг хариуцсан захирал И.Баярсайхан эрхмийг урьж ярилцлаа. Тэрээр Дархан хотын салбарын үйл ажиллагааны онцлог болоод салбаруудын нөхцөл байдлын тухай мэдээллийг хүргэлээ.

Сайн байна уу, Дархан-Уул аймаг дахь Доктор Авто Сүлжээ ХХК-ийн салбарын онцлогийн тухай яриагаа эхлүүлье.

2016 оны 6-р сард бид Дархан-Уул аймаг болон Орхон аймагт хоёр салбараа нээж байсан. Ер нь авто засвар, үйлчилгээний салбар нь өндөр ашиг орлоготой салбар биш юм. Тиймээс бид орон нутагт бизнес эрхлэх зорилгоор Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас урт хугацаа, бага хүү бүхий хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр тус хоёр салбарыг байгуулсан. Ингээд бид 2022 онд Улаанбаатар хотоос шууд удирдлагатай зарим салбаруудаа хувьчлах буюу франчайз бизнес болгосон.

Ерөнхийдөө орон нутагт салбараа нээснээр хамгийн багадаа бид 5-8 хүний ажлын байрыг бий болгосон. Мэдээж франчайз салбар учраас үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хүний нөөцийн сургалт, програм хангамж, бараа бүтээгдэхүүн, обьекттой холбоотой бүхий л дэмжлэгийг төв удирдлагаас аваад бизнес эрхлэх боломжийг олгож буй юм. Ингэснээр орон нутаг дахь салбарын франчайз эзэмшигч нь менежментээ төвөөс удирдуулаад, үйл ажиллагаанаас ашиг хүртэх боломжтой. Орон нутагт авто засвар, автомашины сэлбэг, бараа бүтээгдэхүүний худалдааны төв байрших нь дотоодын аялал зуулчлал өсөхөд нөлөөлөх хүчин зүйл болдгоороо онцлогтой. Дархан хот дахь салбар өдгөө амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Дархан-Уул аймаг дахь салбарын ирээдүйн хөгжлийг хэрхэн төсөөлж байна вэ?

Хойд хөршид үүссэн дайны нөхцөл байдлаас шалтгаалан манай улс руу ОХУ-аас нэвтрэх автомашинтай аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Үүнээс гадна ОХУ-д тавьсан импортоос хоригоос шалтгаалан автомашины сэлбэгийн хомсдол тэнд үүссэн. Иймд манай улс руу нэвтэрч автомашины үйлчилгээ авах гаднын иргэдийн эрэлт хэрэгцээ дагаад ихэссэн. Тиймээс Дархан хот дахь салбарын хөгжлийг илүү олон улсад чиглэсэн хүртээмжтэй үйлчилгээтэй болж хөгжинө гэж харж байна.

Орон нутагт салбараа нээн бизнес эрхлэхэд хүндрэлтэй байгаа зүйлс юу байна вэ?

Дархан-Уул аймагт 2016 онд анхны салбараа нээх үед газрын зөвшөөрөл авах, бичиг баримт бүрдүүлэлт гээд төртэй холбоотой асуудал бага зэрэг удаашралтай байсан. Харин салбараа нээгээд үйл ажиллагаа жигдрэх үед тухайн орон нутагт ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж буй хувиараа бизнес эрхлэгчид биднийг өрсөлдөгч гэж харах тал ажиглагддаг. Гэвч бид засварын бизнес эрхэлдэг хүмүүст албан ёсны эрхтэй оруулж ирдэг автомашины сэлбэг, эд ангиудыг бөөний үнээр нийлүүлж, ашиг шингээн үйлчилгээ үзүүлэх боломжоор хангадаг.

Өөр нэгэн бэрхшээлтэй зүйл нь боловсон хүчний дутмаг байдал юм. Механик инженерийн сургуулийн төгсөгч бага байдагтай холбоотой. Тиймээс асуудлыг шийдвэрлэхийн тулд бид үйлчүүлэгчтэй харилцдаг, манай компанийн нүүр царай болон фронтод ажиллаж буй засварчид, инженерүүддээ ажиллах салбар, өдрүүдээ өөрөө сонгох уян хатан ажлын нөхцөлийг бүрдүүлсэн.

Хүний нөөц болоод ажилчдыг мэргэшүүлэх тал дээр ямар шийдэл хэрэгжүүлсэн тухайгаа хуваалцана уу.

Автомашин, техникт сонирхолтой залуус, шинэхэн төгсөгчдийг сургаж, ажлын байраар хангаж байгаа. Улирал тутам чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулахын зэрэгцээ ажилчдынхаа сурч боловсрох, хөгжих боломжийг үргэлж дэмждэг. Дөрвөн төрлийн сургалт олгодог ба үүнд: Авто салбарын мэдлэг, Автомашины мэдлэг, Компанийн соёл, үнэт зүйлийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд буюу ХАБ-ын мэдлэг багтдаг. Эдгээр сургалтын турш салбар дээр цалинтай дадлагажуулж боловсон хүчин бэлтгэж байна.

Улаанбаатар хот болон орон нутаг дахь салбарын хамгийн том ялгаа нь юу вэ?

Монгол Улсад суудлын машины бүртгэлтэй 900 мянга гаруй автомашин байгаагаас 80 орчим хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Үлдсэн хэсэг нь орон нутагт тарж байршдаг гэсэн үг. Тэгэхээр зах зээлийн багтаамжаас эхлээд ялгаатай зүйл олон бий. Салбар бүрийн борлуулалтын орлого, ашиг нь харилцан адилгүй. Одоогийн байдлаар бид Монгол орныхоо 21 аймаг дахь төв суурин бүс нутагт салбараа нээх, цаашлаад олон нийтэд нээлттэй хувьцаат компани болохоор зорин ажиллаж байна. Хамгийн ойрын хугацаанд Дорноговь аймгийн Сайншандад салбараа нээхээр барилгын ажлыг эхлүүлчихсэн байгаа. Мөн Хэнтий, Өвөрхангай аймагт нээхээр төлөвлөсөн.

Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, ложистикийн шийдлээ танилцуулна уу. 

Энэ бол үйл ажиллагаанд тулгардаг томоохон асуудлын нэг. Бидэнтэй тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах тээвэр ложистикийн компанийг үргэлж эрэлхийлсээр байна.

Төгсгөлд нь Доктор авто сүлжээг сонгох 3 шалтгааныг нэрлэнэ үү.

Нэгдүгээрт, Бид зах зээлдээ анхдагч нь биш боловч 24 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Энэ утгаараа манай компанийн бүтээсэн үнэ цэн, туршлага, найдвартай байдалд эргэлзэх хэрэггүй юм. Бид нэг жилд хамгийн багадаа 550’000-650’000 автомашинд үйлчилдэг. Энэ нь Монгол Улсад бүртгэлтэй 2 автомашин тутмын нэгд нь ямар нэгэн байдлаар үйлчилгээгээ хүргэсэнтэй тэнцэх тоо юм.

Хоёрдугаарт, Доктор авто сүлжээний нийт хамт олон “Автомашин дахь амьдралыг аз жаргалтай байхад тусална” гэсэн эрхэм зорилгод нэгдэн ажилладаг. Аль ч салбараар үйлчлүүлэхэд нэг чанараар үйлчлэхийг хичээнгүйлэн ажилладаг.  Хотын замд ч бай, холын замд ч бай автомашинтай зорчиход сэтгэл тайван, аюулгүй, ая тухтай байх боломжийг бид олгож чадна. Учир нь зорин ирэх үйлчлүүлэгчдийн автомашинд үзлэг оношилгоо, засвар хийхдээ бид ахан дүүгийн сэтгэлээр хандан хамгийн сайнаар нягталж шалгадаг.

Төгсгөлд нь, нэг автомашин 15’000-35’000 хүртэлх эд ангиудаас бүрддэг. Монгол Улсад нийт 5200 гаруй давтагдашгүй нэр төрлийн автомашин байдаг. Эдгээр бүх автомашинд шаардлагатай эд ангиудыг нийлүүлэх нь боломжгүй хэрэг. Иймд хамгийн түгээмэл, үйлчлүүлэгчдийн нийтлэг ашигладаг автомашины эд анги, засвар үйлчилгээнд мэргэшин үйлчилгээ үзүүлдэг.

Цаг гарган ярилцсанд баярлалаа.