Сайн байна уу, Орон нутагт, Ялангуяа Дархан хотод салбараа нээх болсон шалтгаан юу байсан бэ? Үүнээс яриагаа эхлүүлье.
Дархан хот 1961 онд үүсгэн байгуулагдах үедээ нийт амынх нь 39.6%-ийг 15-аас доош насныхан эзэлж байсан юм билээ. Энэ ч утгаараа “залуусын хот” хэмээгддэг. Өнөөдөр тус хот 100,000 гаруй хүн амтай Монгол Улсын томоохон хотуудын нэг болоод байна. CU брэндийн хувьд хотын соёлын салшгүй хэсэг байж, ая тухтай дэлгүүрээрээ дамжуулан завгүй, хурдтай амьдралын хэв маягт тохирсон цаг зав хэмнэх бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн хүргэдэг. Ингэж хүмүүсийн цагийг хэмнэж өгөх нь тэдний бүтээмжийг нэмэгдүүлж, илүү чухал зүйлстээ цагаа зарцуулах, улмаар ажил амьдралдаа ахиц гаргах боломжийг бүрдүүлж өгдөг.
Тийм ч учраас бид Дархан хотод салбараа нээж, тус хотын иргэдэд олон улсын стандартад нийцсэн шинэхэн, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хурдтай бас найрсаг орчинд үзүүлэхийг зорьж, одоогоор 3 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Дархан хотод бизнес эрхлэхэд хэр таатай байна вэ?
Дархан хотын иргэд маань биднийг найрсгаар хүлээн авч, өдөр бүр сонгон үйлчлүүлж байгаад бид маш их баяртай байгаа. Анхны салбарууд маань үйлчлүүлэгчийн урсгал сайн байгаа тул бид цаашид ч салбаруудаа нэмэхээр төлөвлөж байна.
Эсрэгээрээ хүндрэлтэй байсан зүйлс юу вэ?
Яг энэ асуултын хариултаар дамжуулан Дархан хотын удирдлагуудад талархал илэрхийлэхийг хүсэж байна. Конвиниенс дэлгүүрийн онцлог нь 24 цагийн үйл ажиллагаа байдаг. Бидний бизнесийн энэхүү онцлогыг хотын удирдлагууд сайтар ойлгож, зөвшөөрөл, лиценз зэргийг олгохдоо ямар нэгэн саад бэрхшээлгүй, биднийг дэмжин ажилласанд бид маш их талархаж байгаа.
Бид хотын удирдлагууд болоод Дархан хотын иргэдийнхээ итгэлийг алдахгүй байх дээр онцгой анхаарч эрүүл, шинэхэн хоол, болон бусад хүнсний бүтээгдэхүүний стандартыг чанд мөрдүүлэхээс гадна шөнийн 00:00 цагаас хойш спиртийн агууламж өндөртэй согтууруулах ундааг борлуулахгүй байх, 21 нас хүрээгүй иргэнд тамхи зарахгүй байх, 16 нас хүрээгүй хүүхдүүдэд бэлэн гоймон худалдаалахгүй байх зэрэг журмуудаа чанд мөрдөж ажиллах болно.
Хүн амын худалдан авах чадвар, эдийн засгийн чадамжийн талаар юу гэж дүгнэж байна вэ?
Дархан хотод томоохон их, дээд сургуулийн салбар сургуулиуд байрладаг учраас оюутан залуусын хөдөлгөөн ихтэй санагдсан. Залуусын хөдөлгөөнийг дагаад өдөр тутмын эдийн засгийн урсгал сайжирч, нийгмийн идэвхи нэмэгдэж байдаг. Мөн манай салбаруудыг дагаад цагийн ажлын байр тогтмол бий болж байдаг нь залууст орлогын эх үүсвэр бий болгож, эргээгээд эдийн засгийн идэвхижилд тодорхой хувь нэмэр оруулдаг.
Дархан хотод байрлалтай салбаруудын борлуулалт хотын салбаруудтай ерөнхийдөө ойролцоо байгаа. 2023 оны эхний 4 сарын байдлаар нэг хэрэглэгчийн сагсны дундаж 9,193 төгрөг байгаа нь Улаанбаатар хотын дундаж буюу 9,363 төгрөгтэй харьцуулбал ердөө 1,9%-ийн зөрүүтэй дүн юм. Тиймээс худалдан авах чадвар ойролцоо гэж дүгнэж болохоор байна.
Бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, ложистикийн шийдлээ танилцуулна уу.
CU брэндийн өдөр бүр шинээр үйлдвэрлэдэг халуун хоол нь хэрэглэгчдийн таашаалд хамгийн их нийцдэг бүтээгдэхүүн байдаг. Тиймдээ ч бид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүрийнхээ чанарт онцгой анхаарал хандуулж, түүхий эдээс авахуулаад эцсийн хэрэглэгч хүртэл бүхий л процессийг хяналтдаа аван, хүйтэн түгээлтийн томоохон дэд бүтцийг бий болгоод байгаа.
Энэхүү дэд бүтцийнхээ тусламжтай бид өдөр бүр эрүүл, аюулгүй, чанарын баталгаатай хоолыг олон улсын стандартын шаардлага хангасан НАССР-ийн сертификат бүхий үйлдвэртээ үйлдвэрлэн УБ хот дахь бүх салбар руугаа түгээдэг. 24 цагийн хадгалалтын горимтой бүтээгдэхүүнийг өдөр бүр шинээр Дархан хот руу хүргэх нь мэдээж сорилт болсон. Төмөр замыг түшиглэсэн шийдэл хамгийн хямд зардалтай байсан хэдий ч УБ хотоос Дархан хотод буух цагийн хуваарь нь оновчгүй, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцэхээргүй байсан тул өөрсдийн хөргүүртэй машинаар өдөр бүр хүргэлтийг хийх зохицуулалтыг хийсэн. Дархан хотын түгээлт үйлдвэрээс хамгийн түрүүнд гардаг бөгөөд ингэснээр тус хотын иргэд УБ хотын иргэдтэй бараг адил цагт, адил чанартай бүтээгдэхүүнийг авах боломж бүрдээд байгаа юм.
Цаашид өөр салбараа нээж, өргөжүүлэх хүсэлтэй байгаа юу? (Хаана нээхээр төлөвлөсөн бэ?)
Цаашдаа хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн урсгал, төвлөрлийг дагаад шинэ салбарууд нээгдэнэ.
Одоогоор Дархан хот руу хүрэх төв зам дагуу салбараа нээхээр төлөвлөж, Баянчандмань суманд саяхан нэг салбараа нээгээд байна. Хэрэглэгчдийн зүгээс бол аймаг бүрийн төвд байрших санал тавьдаг. Гэхдээ бид бүтээгдэхүүнийхээ чанарыг доголдуулж болохгүй тул заавал түгээлт тээвэрлэлтийн дэд бүтцээ бүрэн шийдвэрлэсний дараа шинэ салбараа нээдэг гэдгийг хэрэглэгчид маань ойлгоосой гэж хүсч байна.
Нэг зүйлийг онцлон хэлэхэд манай Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК нь 2015 онд Монголын анхны конвиниенс дэлгүүрийг байгуулж 3 салбартай үйл ажиллагаа явуулж байгаад дэлхийн туршлагад суралцах зорилгоор 2018 оноос БНСУ-ын CU брэндийг мастер франчайз эрхтэйгээр авсан түүхтэй. Тиймдээ ч компанийн 91%-ийг Монгол Улсын иргэд эзэмшиж байгаа.
Харамсалтай нь зарим иргэд маань дутуу мэдээлэлтэй байгаа учраас биднийг гадны компани гэж андуурах тохиолдол байдаг. Бидний тэргүүн зорилго бол олон улсын стандарт, туршлага, ноу-хау зэргийг эх орондоо нутагшуулах, цаашлаад үндэсний томоохон дэд бүтцийг бий болгож дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, тэдний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол дахь хэрэглэгч төдийгүй, CU сүлжээг ашиглан БНСУ дахь хэрэглэгчдэд хүргэх боломжийг бий болгох зорилготой гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй гэж бодож байна.
Эцэст нь биднийг өдөр бүр сонгон үйлчлүүлж байгаа нийт Дарханчууддаа баярлалаа. Бид та бүхэнд найрсаг, хурдтай, чин сэтгэлийн үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэхийн төлөө хичээн ажиллах болноо.
Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.